Аймгийн тухай
Өмнөговь аймгийн тухай
Засаг захиргааны нэгж:
Өмнөговь аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сум, 59 багтай. Аймгийн төв Даланзадгад хот.
Хүн ам:
Өмнөговь аймаг 2020 оны эцэст урьдчилсан байдлаар 71493 хүн амтай болж 2019 оны эцсийн хүн амын мэдээнээс 2.3 хувиар буюу 1591 хүнээр өслөө. Нийт хүн амын 50.2 хувь буюу 35885 эрэгтэйчүүд, 49.8 хувь буюу 35608 эмэгтэйчүүд эзлэж байна. Насны бүтцээр ангилвал 32.8 хувийг 0-14 насны хүүхэд, 52.8 хувийг 15-59 насны, 14.4 хувийг 60-с дээш насны хүн ам эзэлж байна. Өрхийн тоо урьдчилсан байдлаар 21989 болж өмнөх оноос 892 өрхөөр буюу 4.1 хувиар өссөн дүнтэй байна.
Газар нутаг:
Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино.
Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг 3,4 квадрат километр нутагт 1 хүн, 13,2 квадрат километр нутагт 1 өрх ноогдон хүн ам суурьшиж байна.
Хөдөө аж ахуй:
2020 онд жилийн эцсийн мал тооллогоор нийт мал 2880772 толгой болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 119.5 мянган толгойгоор буюу 4.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тэмээн сүрэг 166800 толгой, адуун сүрэг 110395 толгой, үхэр сүрэг 33192 толгой, хонин сүрэг 682598 толгой, ямаан сүрэг 1887787 толгой тоологдсон байна.
Хамгийн олон малтай сумаар Номгон 306547, Ханхонгор 252454, Гурвантэс 237705, Манлай 220619, Ханбогд 200563 толгой мал тус тус тоолуулсан байна. Малын таван төрлөөр нь авч үзвэл тэмээгээр Ханбогд сум 32861, адуугаар Манлай сум 14434, үхрээр Ханбогд сум 6828, хониор Ханхонгор сум 81655, ямаагаар Номгон сум 235936 толгойгоор тус тус тэргүүлж байна.
Газар тариалангийн салбарт 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 238.7 га талбайд тариалалт хийсний 60.8 га талбайд төмс, 110.8 га талбайд хүнсний ногоо, 67.1 га талбайд тэжээлийн ургамал тариалснаас 443.2 тн төмс, 929.3 тн хүнсний ногоо хураажээ. Аймгийн хэмжээнд нийт 8298.5 тн өвс, 619.2 тн гар тэжээл бэлтгэн нөөцөлсөн байна.
Боловсрол
Аймгийн хэмжээгээр 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн хэвшлийн 22 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 476 бүлэгт өдрийн ангийн 14134 сурагчид хамрагдан суралцаж байна.Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 20 дотуур байранд 831 хүүхэд амьдарч байна.
Эрүүл мэнд
Аймгийн хэмжээгээр эрүүл мэндийн байгууллага 101 ажиллаж байгаагаас улсын төсвийн эмнэлэг 24, өрхийн эмнэлэг 4, цэргийн ангийн 3 эмнэлэг, хувийн эмнэлэг 25, хувийн эмийн сан 43, эргэлтийн эмийн сан 14,эм ханган нийлүүлэх төв 4 тус тус ажиллаж байна. 2019 оны эхний 12 сарын байдлаар аймгийн хэмжээгээр 1638 эх амаржиж, 347 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт 6.6 хувиар, нас баралт 7.4 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүдийн нийт үзлэгийн 20.8 хувийг Өнө-Орших эмнэлэг, 43.6 хувийг Шим билэг өрхийн эмнэлэг, Энхийн хүслэн өрхийн эмнэлэг 35.6 хувийг тус тус эзэлж байна.
Уул уурхай:
Өмнөговь аймаг ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс Тавантолгой, Оюу толгой, Нарийнсухайт стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд газарт тогтоогдож нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс таван толгой, Энержи ресурс, Мөнх ноён суварга, Дун юань, Олон овоот гоулд, Зөв зүг, МАК, Чинхуа-Мак-Нарийн сухайт, Саус гоби сэндс, Өсөх зоос, Терра энержи, Жавхлант орд зэрэг 14 компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Уур амьсгал:
Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20-30 градус хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек, заримдаа 34-45 м/сек хүрдэг,
Аялал жуулчлал:
- Аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэй сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул,
- Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд,
- 50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд олдсон Булган сумын нутагт байдаг Баян заг
- дэлхийд ховорт тооцогдох Нэмэгт, хэрмэн цав, Шаригийн ганга, Бүгийн цав, зэрэг байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгаль,
- Хутагт Данзанравжаагийн байгуулсан энергийн төв болох Дэмчогийн хийд
- Аймгийн хамгийн баруун сум болох Гурвантэс сумын нутагт байдаг Хэрмэн цав
- Аймгийн хамгийн зүүн сум болох Манлай сумын нутагт байдаг үлэг гүрвэлийн чулуужсан мөр
- Дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхлыг ихээхэн татаж байна.